“Сорхугтани” роман /Тэмдэглэл /
Энэхүү роман нь Чингис хааны байлдан
дагуулалтын оргил үеэс Их монгол улсын 4дэх хаан болох Мөнх хааныг хүртэлх үйл
явдлыг өгүүлэх бөгөөд Сорхугтани хатны цэцэн мэргэн ухаан, өрөвч нинжин сэтгэл,
эх хүн, эмэгтэй хүний хатан ухаанаар үр хүүхдүүдээ хүмүүжүүлэн ирээдүйн хаадыг
хэрхэн төрүүлсэн тухай романы үйл явдал өрнөдөг.
Үйл явдлын эхлэлд Хэрэйдийн
Ван хан Тоорилын төрсөн дүү Жаха Хамбугийн охид болох Ибага, Сорхугтани нар
эцэг эх болон ах дүү нарынхаа амийг хэлтрүүлэхийн тулд Чингис хааны татвар эм
болохоор их хааны орд өргөөг зорино. Их хаан зүс царай сайн, ухаан цэлмэг хоёр
охиныг таалж эгчийг нь өөрийн татвар эм болгон, Сорхугтаныг
бага хүү Тулуйдаа хатан болгон өгдөг. Түүний цэцэн цэлмэг ухаан нь хааны
сэтгэлд нийцэн их хувь төөргөөр “Эш хатан” гэх хэргэмийг хүртдэг. Балчир ахуй
цагаасаа хамар дотор нь 4-н алтан шумуул шунгинан ороод хахаж цацаж байна гэж зүүдлэн
сэрдэг байсныг Тулуйн хатан болоход Өүлэн эх 4-н хан хөвгүүд нь гэж тайлж өгч
байжээ. Тэр утгаараа Сорхугтани Мөнх,
Хубилай, Аригбөх, Хүлэгү гэх дөрвөн хүүгээ төрүүлэн асрагч эхийн гар харуулалгүйгээр,
цэцэн цэлмэг ухаан, эр бяр чадлыг тэнцүүлэн хүмүүжүүлжээ.
Харин
хатны эр нөхөр Тулуй нь Чингис хааны дараагийн их хаан болох Өгөөдэйн өмнөөс
золио болж алтан амиа өргөдөг. Монголын хаад тэр үед олон хатадтай байдаг
байсан ч Тулуйн ганц хайртай хатан нь Сорхугтани бэхи байсан юм. Түүний хамгаас хайрлаж хүндэлдэг
аав, эгч, эр нөхөр, туслах, Өүлэн эх нь хүртэл хорвоогийн мөнх бусыг ар араасаа
үзүүлдэг. Тулуйг нас нөгчсөн уйт хүнд үеийг хатан сэтгэлийн тэнхээтэйгээр даван
туулж бүхий л амьдралаа 4 хүүгийнхээ төлөө зориулдаг нь алтанд умбуулж, торгонд
хөлбрүүлэхийн нэр биш харин ч амьдралыг эрт таниулж, ном сударт шамдуулдаг байсан нь ирээдүйн хаад
болоход чухал үүрэг гүйцэтгэжээ. Чингис хааныг тэнгэрт хальсны дараа түүний бэрүүд
(хөвгүүдийнх нь хатад) өөр өөрийн хүү нарыг хаан ширээнд суулгахын төлөө
ил, далд тэмцэлджээ. Иймдээ ч Өгөөдэй хааны дараа Гүюг хаан суухад Сорхугтани
бэхи “Мөнх тэнгэрийн цаг нь биш” хэмээн түүнийг дэмжихийг хүү нартаа захьсан
байдаг. Өгөөдэй хааныг Алтан улсыг дайнаар мордох үед Сорхугтани хатан 3
жил хаан төрийг чадмаг барьж байсан нь ямархан хатан байсныг тод харуулдаг. Түүнчлэн
романд Өгөөдэйн их хатан Дөргөний Өгөөдэй
хаанаас хойш төрийн жолоог атгадаг ч ухаан цуцаж өөрийн зовлонгийн нүхийг ухдаг
хэсэг гардаг. Түүний дараагаар нь Гүег хаан ширээнд суудаг ч учир битүүлэг
шалтгаанаар тэнгэрт хальна. Харин энэ үйл явдлын дараагаар Сорхугтани бэхи
Чингис хааны ууган хүү Батад элч илгээн их хуралдайг зарлуулан өөрийн хүү
Мөнхийг хаан ширээнд залдаг бөгөөд үүгээр хатны цаг үргэлж хэлдэг “Мөнх
тэнгэрийн цаг болоогүй” гэдэг үгийн учиг тайлагдана. Сорхугтани бэхигийн
Мөнхийг хаанд залдаг нь ч учиртай. Өгөөдэй хаан амьд ахуйдаа Мөнхийг төрийг
удирдахад тохиромжтой гэж хэлж байсан төдийгүй Мөнх ч олон дайнд алдар нэрээ
цуурайтуулж чадсан баатар эр байсан билээ. Мөнхийг хаан сэнтийд залагдсны дараа
Эш хатантны бие чилээрхэн мөнх тэнгэрийн орондоо заларчээ. Энэхүү мэдээ нь Их
монгол даяар тарахад олон шашны төлөөлөгчид өөр өөрийн бурхаддаа залбиран
мөргөл үйлдэж хатныг сүүлчийн замд нь үднэ. Энэхүү үйл явдал нь Сорхугтани
хатны амьд ахуй цагийн их үйл хэргийн илрэл байсан ажгуу.

Comments
Post a Comment